top of page

ЦАГААН САРАА ЦАГААНААР ТЭМДЭГЛЭЕ!

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Цагаан сараа цагаанаар тэмдэглэцгээе хэмээн олон нийтийн сүлжээгээр уриалцгааж байгаа нь бид энэхүү сайхан уламжлалт баяраараа эрүүлийг эрхэмлэж, энэрэнгүйг дээдэлж, хамаг дэлхийн амар амгаланг ерөөж тэмдэглэе гэсэн сайхан санаа ажээ.


Эрүүлийг эрхэмлэе. Айл бүрээр зочилж буузны амтыг нь шинжиж явахдаа буузных нь өөх тос, калори ихтэй чанар нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, баярын энэ үеэр элэг цөс, зүрх судасны өвчнөөр эмнэлэгт хүргэгддэг тохиолдол ердийнхөөс хэд дахин нэмэгддэг гэсэн судалгаа бий. Цадталаа ч биш бүр хэтрүүлэн идчихдэг энэ баяраар буузныхаа орц найрлагыг шингэц сайтай ногоонуудаар сольчихвол энэ асуудал шийдэгдчих бус уу? Хийчихсэн байхад хүн бүр л амаа олохгүй иддэг амттай бас эрүүл байдаг давуу талууд нь буузаа ногоотой хийх хангалттай шалтгаан мөн биз?


Энэрэнгүйг дээдлэе. Цагаан гэдэг нь учиртай. Амьтан цуслаагүй идээ ундааг цагаан гэнэ. Амь тасдаагүй хоол хүнсийг сонгодог бол энэрэнгүй гэнэ. Тиймээс энэхүү баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглэж идээ ундаагаа ариун цагаанаар бэлдэцгээе ээ. Магадгүй жинхэнэ уламжлал маань ийм л байсан биз ээ. Монголчуудын дэлхийд танигдах имиж нь энэрэнгүй байдал гэдэгтэй санал нийлдэг шүү.


Өөрсдөдөө бас зочдодоо, ялангуяа цагаан ногоон хоолтон зочдодоо зориулж ногоотой буузны жорыг энэ дашрамд хүргэе гэж бодлоо. Уншигч олон минь санаа авцгаана биз ээ.


Үндсэн орц:

- Байцаа

- Лууван

- Бор мөөг

- Брокли


Ерөнхийдөө буузны шанзанд дурын ногоогоо хийж болно. Ногоон хулуу эсвэл хаш хийвэл буузыг илүү шүүслэг болгодог. Харьцааны хувьд байцааг илүү ахиухан хийж өгөх хэрэгтэй, учир нь шанзаа хутгасны дараа байцааны хэмжээ багасчихдаг. Уураглаг чанарыг нь нэмэгдүүлэхийн тулд мөөг эсвэл дүпү нэмээд өгөөрэй. Улаан лууван хийснээр өнгө нэмэхээс гадна чихэрлэг чанар нь илүү амттай болгоно. Ингээд брокли эсвэл бууцай гэх мэт нарийн ногоонуудаас сонгоод хийгээрэй.


Амталгаа:

- Гүнжидийн тос

- Давс

- Хар перец

- Гоньд

- Цуу


Байгалийн гаралтай ургамлын амтлагчууд хийгээд өгөхөд л бууз маань хангалттай сайхан амттай болно. Ердийн тосноос илүү гүнжидийн тос нь илүү амт нэмдэг. Түүнчлэн гоньд нь ямар ч монгол хоолонд гайхалтай нийцэж сайхан амттай болгодог.


Буузныхаа гурилыг хөх тарианы гурил, маалингын гурилтай хольж зуурвал эрүүл чанар нь бүр ч нэмэгдэх болно.



Жорыг илүү дэлгэрэнгүй харуулсан бичлэгийг доорх линк дээр дарж үзээрэй.


За ингээд Цагаан Сар маань удаан үргэлжилнэ, та ногоотой буузаа аль ч үед хийгээд идэж болно шүү дээ. Ирж буй "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилдээ гаднаасаа төдийгүй дотоодоосоо үзэсгэлэн төгөлдөржиж эрүүл энх, элбэг дүүрэн, амар амгалан аж төрөхийн ерөөл дэвшүүлье ээ!

Recent Posts

See All

Comments


bottom of page