top of page

Веган хоолоор сэрүүдэх, хийдэхээс сэргийлэх боломжтой юу?

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Feb 15, 2022

Хүйтэн сэрүүн уур амьсгалын нөлөөгөөр монголчуудын дунд хийрхэх, хийрхэснээс сэтгэл мэдрэл гэмтэх, чийг бам өвчинд өртөх нь олон. Өвлийн цагт сэрүүдэж, хаврын цагт хийдэх төлөвтэй байдаг. Тиймээс өвөл сэрүүн чанартай хүнсний хэрэглээгээ багасгаж илч дулаан өгдөг, халуун чанартай, шим тэжээлтэй хүн түлхүү хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, цагаан будааны оронд шар будаа, бор будаа, гурвалжин будаа, хар будааг хэрэглэнэ. Цайвар өнгийн шош буурцагны оронд хар хүрэн шош хэрэглэснээр биед илч дулаан өгдөг. Арвайн гурил бол Монголчуудын онцгой хүнс бөгөөд эрт цагт өвлийн гол хүнс байсан тухай өмнөх нийтлэлдээ дурьдсан билээ. Цайны хувьд ногоон цайны оронд хар буюу улаан цай (байхуу биш аль болох сайн чанарын ургамлан цайг тохируулж хэрэглэх), цагаан гаатай цай, синнамонтой цай, мөн халгайн хандалсан цайг тохируулан хэрэглэж болно. Дорнын анагаах ухаанд цагаан гааг өглөө идэх хамгийн сайн гэдэг бөгөөд харин оройн цагаар идэхийг хориглодог. Халгай нь халуун чанартайгаас гадна цусны даралтыг бууруулах онцгой сайн нөлөөтэй байдаг, харин даралт багатай хүмүүс ихээр хэрэглэж болдоггүй түүнчлэн их хэмжээний кали агуулдаг учраас цусыг хэт бүлэгнүүлэхээс гадна бие ядарч сульдаж мэдэх тул тохируулж хэрэглээрэй. Хоол амтлагчны хувьд гоньд, саримс, хар перец, феннел, лиш, далиу зэрэг нь биеийг дулаацуулдаг халуун чанарын ургамлууд юм.

Хаврын улиралд хүний биеийн галын илч буурч хийн чанар ихэсдэг учраас хий хуйг хөөх илчлэгтэй, битүү төрлийн хоол идэхээс гадна гадуур гарахдаа чихийг далдлах буюу малгай өмсөж явах хэрэгтэй. Монголчууд хийгээ дарах гэж шар тос хэрэглэдэг. Гэхдээ сүү цагаан идээ хэрэглэхээр бол малаа тааваар нь бэлчээрлүүлж, эм тариагүй эрүүл өсгөсөн малаа зовоолгүйгээр сүүг нь сааж авах ёстой гэдэг нь цагаан хоолтнууд, веганчуудын үзэл гэхээсээ илүү энэрэнгүй Монголчуудын маань мал амьтантайгаа харьцдаг гайхалтай соёл юм. Харамсалтай нь малын тоо толгойг хэтэрхий их нэмэгдүүлж, малтайгаа харьцдаг уламжлалт арга барил, ухаан алдагдахаас гадна сүү цагаан идээ нь эм биш хор болчихоод байгаа учраас өнөө цагт суурин иргэншилтэй Монголчууд веган хоолыг түлхүү сонгох нь дээрх асуудлын маш сайн шийдэл нь болох буюу малын тоо толгой тэнцвэржин, түүнээс гарах бүтээгдэхүүнүүд нь чанаржин эрүүлжих үндэс болох юм. Хэрэв бид уламжлалт арга барилаа хадгалсаар ирсэн бол заавал веган гэхгүйгээр эрт цагийн хэв маяг лугаа мал амьтнаа дээдэлж, хоолоо эм болгон хэрэглээд эрүүл сайхан амьдрахад асуудал үгүй. Ингэхдээ бид 21-р зуунд амьдарч байгаа гэдгээ санан заавал амьтны амь хөнөөхгүйгээр уураг, илч дулаанаа төвөггүй олж авч болох өргөн сонголтууд байдаг учир Монголд цагаан хоолтон байх бүрэн боломжттой юм. 13-р зууны Монголчуудын хүнс бараг л тэр чигтээ цагаан хоол байсан тухай судалгааны талаар өмнөх нийтлэлээр хүргэсэн шүү дээ. (Уншиж амжаагүй бол энд дарна уу.) Тэгвэл 21-р зууны иргэншилт нийгмийн иргэд бид бүр л илүү иргэншсэн, соёлжсон байх ёстой атал эрт цагаасаа ч бүр дордон махыг мангас лугаа адил иддэг болсон нь хамгийн харамсалтай. Харин цагаан, ногоон хоолыг сонгох нь уламжлалаа хадгалж байгаа явдал бөгөөд малаа өөрөө өсгөөгүй, хот сууринд амьдарч байгаа иргэдийн хувьд сүү, сүүн бүтээгдэхүүнийг ч гэсэн хэрэглэхгүй байх нь уламжлалаа дагахгүй байгаа бус харин өнөө цагийн асуудлыг шийдэх хамгийн зөв шийдэл болж байгаа юм. Бидний хэрэглэдэг сүүний найрлагатай бүтээгдэхүүний ихэнх нь эрүүл, энэрэнгүйгээр бэлтгэсэн сүү цагаа бус, антибиотиктой мөн хольцтой байхаас гадна гадны орноос импортоор орж ирдэг бүтээгдэхүүний найрлагад бүр ч илүү харгислалтай, хортой бүтээгдсэн сүү агуулагддаг.

Тиймээс веганыг сонгоё, веган байцгаая гэдэг уриалгын цаана хөдөө нутгийн иргэдийн гайхалтай амьдрал ахуйгаас сүү цагааг нь хорих гэсэн явдал биш харин фермжсэн, антибиотикжсон, харгисжсан тогтолцооны эсрэг зогсож байгаа хариу үйлдэл, даруухан тэмцэл юм. Ингэхдээ мэдээж эрүүл, бүр илүү эрүүл байх боломжтойгоос гадна байгаль дэлхий, цаг уурын асуудлыг ч давхар шийдэж чадна гэдгийг олон талын судалгаа, практикаар харуулж, таниулахыг даруу тэмцэгч нарын сайн дураараа хийцгээж буйг зөвөөр болгоогоорой. Гэхдээ үүнд бидний сайтар анхаарах ёстой зүйл бол цаг улиралдаа тохируулан хооллох, хувцаслах, шаардлагатай шим тэжээлээ авч байх явдал. Учир нь насаараа идсэн хооллолтоо өөрчилж байна гээд улиралтайгаа үл уялдуулан төмс, лууван, боорцог, будаа идэж яваад эрүүл мэндээ муутган түүнийхээ бурууг цагаан, ногоон хоолонд тохчихдог асуудал их гардаг гэдгийг сайн бодолцож туршлагатай веган хоолтнууд, хоол зүйч нараас заавар зөвлөгөө аван зөв хооллож байхыг зөвлөж байна.


3 жил цагаан хоол идэж байгаад сүүлийн 13 жилийн турш ногоон хоол идэж байгаа өөрийн туршлагаасаа багаханыг хүүрнэхэд, анх цагаан хоолтон болохоосоо өмнө бие маш амархан бээрдэг, даарч хөрдөг байлаа. Харин цагаан хоолтон болсноос хойш биеэс элдэв бохирдол гадагшилж байгаа юм шиг мэдрэмж төрж эхний хэдэн сард мэдэгдэхүйц жин хасагдан бие илүү хөнгөрч байв. Биед хөнгөн хооллоно гэдэг нь биеийг сульдааж, амархан даарч хөрдөг болгоно гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ илүү хүчтэй илүү чийрэг болгодог гэдгийг энэ туршлагаараа анх мэдэрсэн юм. Гэм нь үүндээ хэтэрхий эрдэж, өөрийгөө даарахгүй байна гээд нимгэн хувцаслаж, өвлийн хүйтнээр хүртэл сайн дулаалахгүй явж байгаад бие рүүгээ салхи, жавар оруулаад байсан нь гар хөлөөрөө эргээд хурдан даарчих гээд байдаг болсон гашуун туршлага бий. Дээрээс нь дан жимс самраар хооллодог болно гээд энэ дэглэмээ анх өвлийн хүйтэнд хэрэгжүүлж эхлээд 2 сарын турш дан жимс идэж байсан нь мэдлэг дутмагаасаа болсон гоомой үйлдэл болсон юм. Бас болоогүй веган байх хугацаандаа хэсэг хугацааны турш өглөө бүр жимсний шейк хийж уудаг байсан нь биеийг хийдүүлээд байсныг хожим нь мэдсэн юм. Өглөөний цагаар хүний бие хий төлөвт шилждэг тул энэ үеэр хийгээ дарж халуун бүлээн, илчлэг, тэжээллэг, тослог хоол унд идэх ёстой юм билээ. Тиймээс энэ алдааг минь бүү давтаасай гэж улиралтайгаа уялдуулан хооллож хувцаслахын ач холбогдлын талаар хэд хэдэн нийтлэл бэлдэж хүргэлээ.


Бидний вэб хуудсыг subscribe хийснээр шинээр тавигдсан нийтлэл бүхэн танд хүрэх болно. Энэрэнгүй Монгол хүн танд эрүүл энхийг хүсье!



Comments


bottom of page