top of page

Кунтал Жойшер, Эверестийн оргилд гарсан дэлхийн анхны веган

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Nov 12, 2023

Энэтхэгийн уулчин Кунтал Жойшер веган амьдралын хэв маягийг чанд баримталдаг нэгэн ба уулын спортын салбарт томоохон амжилт гаргасан хүн юм. Тэрээр Эверестийн оргилд гарсан дэлхийн анхны веган гэдгээрээ дэлхийд танигдсан нэгэн билээ. Дэлхийн хамгийн өндөр энэ оргил руу нэг ч биш бүр хоёр удаа гарсан Кунтал нь уулчин төдийгүй фото зурагчин, хоол зүйч, фитнесийн дасгалжуулагч мөн буяны үйлстэн юм. Одоогоор Эвэрестийн оргилд гарч чадсан веган хоолтнуудын тоо нь тотодрхой биш байгаа ч Пракрити Варшней гэгч нь тус оргилд хүрсэн дэлхийн анхны эмэгтэй веган уулчин болжээ.


Кунтал Жойшер дэлхийн хамгийн өндөрт тооцогддог хэд хэдэн уул руу амжилттай авирсан ба энэ үедээ зөвхөн веган хоол хүнс идэж, мөн веган хувцас хэрэглэлүүд хэрэглэж явжээ. Түүний авирсан уулнуудаас дурдвал:

- 2014 онд Манаслу хэмээх дэлхийн найм дахь өндөр уул

- 2016 онд Эверэстийн оргилруу өмнөд талаас нь

- 2018 онд дэлхийн дөрөв дэх ноён оргил болох Лхоцэ уул

- 2022 онд Денали уул гэх мэт.

веган уулчин Кунтал Жойшер

Кунтал Жойшер эдгээр хүнд сорилт бүхий аялал бүрээрээ ногоон хоолтон хүмүүс гайхалтай амжилт гаргах чадвартай гэсэн мессеж хүргэхийг зорьж, веганизмыг тойрсон буруу ойлголтууд, үлгэр домгийг арилгахыг зорьсон байна.


Кунтал Жойшер цагаан хоолтой Гужарати гэр бүлд төрсөн боловч 2001 онд Лос Анжелес руу суралцахаар нүүж ирэхдээ веганизмын талаар олж мэдсэн байна. Сүү, арьс ширний үйлдвэрлэлийн хатуу ширүүн бодит байдал, амьтдад харгис хэрцгий ханддаг талаар олж мэдээд тэрээр веган амьдралын хэв маягийг сонгожээ. Жойшер өмнө нь хэрэглэж байсан арьс шир, ноосон эд зүйлсээ орон гэргүй хүмүүст хандивлаж, веган бус бүх бүтээгдэхүүнийг веган бүтээгдэхүүнээр сольж, веган бус хоолыг хоолны дэглэмээ бүрэн хассан байна.


веган уулчин Кунтал Жойшер

Жойшерыг веган амьдралын хэв маягаа тууштай байлгахад түлхэц болсон зүйл бол жил бүр тохиолддог амьтдын зовлон зүдгүүр, харгислал, бөөнөөр нь нядалдаг байдалд санаа зовж байсан явдал юм. Тиймээс тэрээр ууланд авирах адал явдлаа веганизмын талаарх буруу ойлголтыг няцаахаас гадна амьтны эрхийг сурталчлах зорилгоор ашигладаг ажээ.


2023 оны 11-р сарын 1-ний өдөр, хамгийн сүүлд нүүр ном дээрээ нийтэлсэн бичвэр дээрээ энэ жилийн 10-р сард Килиманжаро экспедицийг зохион байгуулсан талаараа дурьдсан ба энэ нь түүний хамгийн анхны удирдан зохион байгуулж буй 100% веган Кили экспедиц болохыг онцолжээ. Цаашлаад, түүний хамгийн сайн таамаглаж байгаагаар өнөөдөр дэлхий дээр 8 тэрбум орчим хүн байдаг ба 1% орчим нь буюу 80 сая орчим веганчууд. Гэсэн хэдий ч дэлхий дээр веган хоолтнуудад зориулсан адал явдалт аялал жуулчлалын нэг ч компани байдаггүй. Ихэнх веган бус операторууд веган аялал зохион байгуулахдаа овъёосны будаа, талх, сүү, өндөггүй бүтээгдэхүүн, веган хүрэм, унтлагын уут гэх мэт веганд ээлтэй хоол хүнс авахаас эхлээд бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ хамгийн том зовлон бол үхсэн амьтдыг амталж, таашааж байгаа үзэгдэлтэй нэг ширээн дээр суух явдал юм гэжээ.


Цаашид тэрээр 100% веган экспедицүүдийг зохион байгуулж байх ба ингэснээр дэлхий дахин дахь веганчуудад гайхалтай туршлагыг олгож, тэднийг веган сонголтуудыг эрж хайдаг төвөгтэй асуудлаас ангид байлгаж, хамтдаа ярилцаж, инээлдэж, судлах аюулгүй орон зайг бий болгохоор зорьж байгаа аж. Мөн веган хоолтой биш ч гэлээ түүний тойрогт нэгдэх хүсэлтэй хэн бүхэнд энэ нь нээлттэй юм.


Хэрэв та Кунталыг илтгэгчээр урьж оролцуулахыг хүсвэл түүний албан ёсны вэбсайтад зочилж хүсэлтээ илгээнэ үү: www.kuntaljoisher.com

Kommentare


bottom of page