top of page

Ногоотой банш, хийцтэй цай

Writer's picture: Loving Hut MongoliaLoving Hut Mongolia

Updated: Oct 5, 2023

Банш нь Монголчуудын иддэг битүү хоолны нэг төрөл юм. Баншийг жигнэх, шарах, усанд чанах, шөлөнд чанах, хийцтэй цайнд хийх гээд хэд хэдэн аргаар идэж болдог бидний хамгийн дуртай хоолнуудын нэг билээ. Харин аливаа хоолны үзүүлэлтэнд амтнаас гадна тэжээллэг чанар илүү чухалд тооцогддог. Тиймээс баншны шанзыг бэлтгэхдээ дадаж заншсан аргыг нь багахан өөрчилж олон төрлийн ногоогоор бэлтгэх нь бидний эрүүл мэндэд илүү ач тустай мөн шингэц сайтай байх болно. Хүсвэл гуриландаа ч мөн бүхэл үрт тариан гурил, маалингын үрийн гурил зэргээс нэмж баяжуулаад бэлтгэвэл ходоод гэдэсний үйл ажиллагаанд ач тустай байна.


Цагаан Сарын баяраар банш хийдэг айлууд ч байдаг. Баярын үеэр хүмүүс энгийн өдрүүдээс илүү их иддэг учраас банш, буузаа ногоогоор хийх нь хамгийн тохиромжтой. Тиймээс энэ удаа бид веган банштай цайны жорыг хуваалцах гэж байна. Тэгэхээр баншныхаа шанзыг хэрхэн бэлтгэх вэ? Ерөнхийдөө маш энгийн, хүссэн ногоонуудаа жижиглэж хэрчээд, ургамлын амтлагч, цуугаар амталчихад л түүгээрээ банш, бууз, хуушуурны алинд ч хэрэглэж болно.


Цайны хувьд арвайн гурил, шар будаагаар хийцлээд өөрсдөө бэлтгэж гаргасан ургамлын сүүгээр сүлэхэд яг л бидний хэрэглэж заншсан хийцтэй цайны маань амт гарч ирнэ. Яагаад ургамлын гаралтай сүүг илүү онцолж байгаа вэ? Малчин удамт Монгол хүн байж яагаад уламжлал ёсоороо буянт малынхаа сүүг хэрэглэхгүй байна вэ? Энэ асуултын хариултыг өмнөх нийтлэл дээрээ тодорхой тайлбарласан байгаа тул уншаад учир шалтгааныг нь олж мэдээрэй. (Уншиж амжаагүй бол энд дарна уу)


Ингээд хоёр хүн идэхэд зориулж веган банштай, хийцтэй цай хийх орц найрлагатай танилцацгаая. Хамгийн түрүүнд ургамлын сүүгээ бэлтгэнэ. Бид ургамлын сүүг халуунаар бэлтгэдэг төхөөрөмжийг ашиглах ба үүгээрээ шар буурцгийн, самарны сүү болон зутан шөл зэргийг хялбархан бэлтгэж болдог. Ингээд бүх орцоо төхөөрөмжиндөө хийгээд залгуурт залгахад 15 минутын дотор сүү маань халуунаараа бэлэн болох ба энэ хооронд бид баншаа бэлтгэнэ. Хэрэв энэ төхөөрөмж байхгүй бол оронд нь бэлэн шар буурцгийн сүү болон бусад ургамлын гаралтай сүүг ашиглаж болно.


Ургамлын сүү бэлтгэх орц найрлаганд:

Овъёосны нэвс - 15г

Наранцэцгийн үр - 10г

Бүйлсний самар - 10г

Ус - 1.2л

Гурилаа зуурахдаа гурил, ус хоёрын харьцааг 2:1 хэмжээгээр тааруулна.


Гурил - 160г

Ус - 80-90г

Гурилаа зуураад дээгүүр нь даавуугаар битүүлэх юм уу, саваараа хөмөрч тавиад 20 минут орчим амраана. Энэ зуураа шанзаа бэлтгэцгээе.


Шанз:

Мөөг - 100г

Шар буурцгийн уураг - 10г

Лууван - 40г

Чинцай - 15г

Яншуй - 10г

Давс - 2 чимх

Хар перец - 1г

Гоньд - 1г

Нунтаг цагаан гаа - 1г

Гүнжидийн тос - 1 ц.х

Цуу - 1 ц.х

Ногоонуудаа жижиглэж хэрчээд дээрээс нь амтлагчуудаа хийж сайтар хутгана.

Ингээд жижиглэж бэлдсэн гуриландаа шанзаа хийж чимхэнэ. Миний хувьд нисдэг таваг шиг хэлбэртэй, бондойлгож чимхэх нь банштай цайнд хамгийн тохирох юм шиг санагддаг.

Энэхүү веган банштай цайны жорыг видео хэлбэрээр нь үзээд дагаад хийж бас болно. Яг энэ жороор баншаа бэлтгэхэд маш амттай болдог шүү.



Recent Posts

See All

Comments


bottom of page