top of page

Хар Төөгөө, Хану хоёрын веган аяллын сюрприз

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Jan 25, 2022

Юмолжиди нэртэй YouTube сувгаараа Улаанбаатарын хамгийн гоё хоолтой газруудын эрэлд гардаг Төөгөө, Хану хоёр энэ удаа хамгийн гоё веган хоолны газрыг эрж олох аянд морджээ. Ингээд Фэйсбүүк дээрх пэйжийн дагагч нараасаа санал асуулга явуулаад хамгийн олон саналтай 3 рестораныг сонгож хоолыг нь туршихаар болсон байна. Улаанбаатар хотод өөр өөр зэрэглэлийн нийтдээ 20 гаруй веган ресторан, хоолны газар байдаг, бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой сайхан хоолнуудаар үйлчилдэг. Харин хоёр залуугийн очих хамгийн эхний газар нь "Агниста" веган ресторан байв.


Амттай хоолоор үйлчлэхээс гадна олон төрлийн веган хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл орц найрлагатайгаар үйлдвэрлэдэг "Агниста" рестораны захирал Буяндэлгэр хоолны газрынхаа тухай, бас яагаад Агниста гэдэг нэр өгсөн талаараа мөн бизнесийн зорилго зэргээ яриад хоолны эргүүл хийдэг хоёр залууд өөр өөр төрлийн хоолноосоо хийж өгч сонирхуулжээ. Веган хүнс үйлдвэрлэгчдийн ачаар Монголчууд веган хоолыг сүүтэй будаа, бэрээс, өвс ногоогоор л төсөөлдөг байсан цаг үе хэдийнээ ард хоцорсон хэдий ч одоог хүртэл тэрхүү төсөөллөөрөө байгаа хүмүүсийг Төөгөө, Хану хоёр төлөөлж веган аяллынхаа турш сюрпризээр дүүрэн байсан нь влогийг улам бүр сонирхолтой болгосон юм.


Зураг дээр: Агниста рестораны захирал Буяндэлгэр


За тэгээд бор хоол иддэг хүмүүсийн сайн мэдэх банштай шөл, ананастай стейк, сүмстэй гоймон зэргийг 100% ургамалд суурилсан веган хувилбараар, илүү эрүүлээр хийж болохоос гадна амтны хувьд ялгагдах аргагүй адилхан байсанд хоёр залуу гайхахын зэрэгцээ инээдээ барьж дийлэхгүй байсан юм. Шинэ ногооны салат нь, бүр цайны амт нь хүртэл хачин сайхан байна гэнэ.


Хоолнуудын үзэмж гоё байна, амт нь бүүр ч гоё байгаа даа... "Агниста" ресторан


Аялал үргэлжилсээр... Дараагийнх нь "Loving Hut" сүлжээ ресторан. Дэлхий дахинд нийтдээ 200 гаруй салбартай "Loving Hut" сүлжээ ресторан нь Монголын хот, хөдөө орон нутагт нийтдээ 20 гаруй байдаг ба бүгд өөр өөрийн онцлогтой мөн өөр өөр цэсээр үйлчилдэг. Тэдгээрийн дотроос хамгийн том өргөжсөн үйлчилгээ үзүүлдэг Улаанбаатар хот дахь нэгэн салбарыг Нүүрномыг дагагч нар нь санал болгосны дагуу очсон байна. Дагагч нар нь ч үнэхээр андахгүй байна шүү, өндөр зэрэглэлийн рестораны цэснээс гадна тухтай уур амьсгалыг бүрдүүлсэн орчинтой энэ газар яах аргагүй хэн бүхний очих дуртай газар болсон. Рестораны захирал, залуухан бүсгүй Золжаргал "Loving Hut" ресторанаас гадна Монголын хамгийн анхны веган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Бурхадын Зоог" ХХК-г удирдан ажиллуулдаг. Нас залуу гэлтгүй авьяас чадвар, туршлага, мэдрэмж нь түүнийг олон зүйл хийж бүтээх, зорилго нэгтнүүдтэйгээ хамтарч ажиллах зэргээр үргэлж шинийг санаачилж байдаг. Ингээд Золжаргал маань дөнгөж нүд тайлж эхэлж байгаа хоёр залууд ямар ямар хоол сонирхуулахыг хүссэн бол?


Үгүй тэр хараач ээ, 2 төрлийн пицца, гиоза, веган загас, банштай цай, бууцайны салат, комбо... "Loving Hut" ресторан


Веган хоолыг өвс ногоогоор л төсөөлж байсан Хану, Төөгөө хоёр "суши нь ч суши байна, гиоза нь ч гиоза байна, загас нь ч загас байна, хуушуур нь ч хуушуур байна" гэсээр л амтархан идсэн дээ. Гайхсан сэтгэгдэл нь инээдээр илрээд үзэж байгаа хүмүүсийг дагаж инээлгээд л хэхэ.


Аяллын эцсийн цэг: "Боско Верде" Итали ресторан. Нээгдээд 8 жил болж байгаа Монгол дахь хамгийн анхны Итали веган рестораны захирал Доржсаш. Үгүй бодоод байх нь ээ, ихэнх веган хоолны газрын эздүүд эмэгтэй байдаг юм байна шдээ, эрэгтэй ч бас бий лдээ арай цөөхөн байх аа. За тэр яахав, Доржсаш захирал рестораныхаа нэрний утгыг тайлбарлахаас эхлээд л танилцуулна шүү дээ. Влог руу нь ороод үзэцгээнэ биз дээ. Дотоод тохижилт дизайн нь нэр нэрнийх нь утга санааг гайхалтай илтгэжээ. Ресторан руу нь очоод үзэцгээнэ биз дээ...



Веган пицца идэж үзсэн бол энэ удаад веган бургер идэх нь дээ, бас тэр хар даа фалафел бас... "Боско Верде" ресторан


Рестораны эздүүдийн ярилцлагыг сонсоход тэд яг нэг ижил зорилготой, тэр нь бизнес хийж ашиг олох гэхээс илүүтэй хүн төрөлхтний байгаль дэлхийдээ хандах хандлагыг өөрчлөх, дээрээс нь амьтны амь таслаагүй веган хоолоор үйлчилж буянд бодитоор даган баясах боломжийг олгох. За тэгээд веган хоолны бие махбод, оюун санаа, амьтан, байгальд нөлөөлөх ач тусыг тоочоод байвал барагдахгүй их. Хану, Төөгөө хоёр ч бас богинохон гэлтгүй гүн гүнзгий утга агуулгаар дүүрэн энэ аяллаас маш их зүйлийг ойлгож авч цаашдаа ч бас амьдралдаа хэрэгжүүлж байхаар болсон явдал нь энэ аялал маш үнэ цэнэтэй болохыг харууллаа. Нэг л хүний зөв сонголт хэмжээлшгүй их эерэг үр дагаврыг авчирна. Бас дээрээс нь өөрсдийг нь үзэх олон мянган хүнд хүрч тэдэнд нөлөөлнө шүү дээ. 7 хоногт ядаж л нэг удаа веган хоол идэж байхаар шийдэж үзэгчдийгээ ч бас уриалсан юм.


Энэ удаагийн влог хамгийн шилдэг нь байлаа. Аялах тусам улам бүр сонирхолтой болж, илүү их ухаарлыг олж авч байдаг веган ертөнцийн зах зухаас нь танилцуулсан явдалд гүнээ талархаж байна. Тиймээс гайхамшигт аяллыг энд хүргээд л дуусгах биш амьдралынхаа турш үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Вэбсайтынхаа өмнөөс мөн бүх веганчуудын өмнөөс та хоёртоо өөрсдөдөө ч бас адилхан хүсдэг ажлын өндөр амжилт, эрүүл энх, оюун санааны хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.


Монголд үйл ажиллагаагаа явуулдаг бүх веган хоолны газруудын хаяг, байршлын талаар хожим нь тусдаа нийтлэлээрээ хүргэх тул та вэб сайт дээр маань subscribe хийгээрэй.


Бичлэгийг бүрэн эрхээр нь үзэх:


Comments


bottom of page