top of page

"Веган Хүч" спортын бага наадам зохиогдлоо

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Үндэсний Их Баяр Наадмыг угтаж веган хоолтнуудын дунд хоёр дахь удаагийн спорт наадмаа "Веган Хүч" нэрийн дор зохион байгуулжээ. Тэмцээн 6-р сарын 11, 12-ны өдрүүдэд "Монфүүдлэнд" ХХК-ны спорт зааланд зохиогдсон ба хот ба хөдөө орон нутгийн веган тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис мөн шатрын тэмцээнд хүч, ухаанаа сорьцгоосон байна.




Тэмцээний нээлтэнд ятгын уран яруу тоглолт, морин хуурын тансаг аялгуу, уртын дууны шуранхай тэмцээний оролцогчид болон нийт үзэгчдийг огшоолоо. Мөн ардын өв соёл тээгч эрхэм залуу уран бүтээлчид наадмыг хүндэтгэн хүрэлцэн ирж ая дуугаа өргөн бүгдийг нь босгож биелгээ биелүүлсэн нь тэмцээний онцгой нэгэн үйл явдал байв.



Тэмцээний үеэр "Ловинг Хат" Их дэлгүүр салбарынхан амттай веган хоол бэлтгэж нийт тамирчид, шүүгчид, үзэгчдийг дайлсан явдалд бүгд сэтгэл ханамжтай, талархал дүүрэн байлаа.


Шагналын хувьд энэ жил их содон байв. Учир нь зохион байгуулах багаас байгальд ээлтэй байх, эх дэлхийгээ хайрлах үүднээс медаль олгохгүйгээр шийдэж шилжин явах цомоос гадна ерөнхий ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын гарын бэлэг, ваучераараар шагналт байруудаа шагнаж урамшуулсан юм. Анх удаа спортын наадам медальгүй болж байна даа хэмээн хэн бүхэн ярьцгааж, энэхүү оновчтой мэргэн шийдвэрийг бэлгэшээж байсан юм. Наадмыг ивээн тэтгэж, дэмжиж ажилласан веган хүнс үйлдвэрлэлийн "Фүүди" групп, "Ловинг Хат"-ын веган сүлжээ ресторанууд, "Бурхадын Зоог" ХХК, "Монфүүдлэнд" ХХК болон "Корсан" веган эмнэлэг зэрэг байгууллагууд оролцож амжилттай оролцогчдод өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, үнэ бүхий зүйлсийг шагнал болгон гардуулжээ.

"Дараа жилийн спорт наадамд хот, хөдөө орон нутгийн илүү олон веганчууд насны хязгааргүйгээр оролцож, илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой явагдана гэдэгт итгэлтэй байна. Ирэх жилийн "СПОРТЫН БАГА НААДАМ-3" дээр уулзацгаая" хэмээн тэмцээнийг зохион байгуулагчдын ерөөлөөр энэхүү хөгжилтэй, өрсөлдөөнтэй, гайхалтай сайхан өдөрлөгийг өндөрлүүлэв.


Comments


bottom of page