top of page

Гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Nov 5, 2022

Энэ оны 9-р сард "Азтай савар" ТББ-ын залуус өөрсдийн санаачилсан хуулиа УИХ дээр танилцууллаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийнхэн тэднээс ярилцлага авсан яриаг нь сийрүүлэн хүргэж байгааг хүлээн авна уу.


Бүжинлхам: "Азтай савар ТББ нь эзэнгүй амьтдад тулгарсан асуудлууд дээр өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ба үйл ажиллагаагаа явуулаад 9 жил болж байна. Энэ хугацаанд бид тэжээвэр амьтдыг асрах, түр байрлуулах газраар хангах, үржлийг нь хаалгах, хаягдсан, өвдсөн, гэмтсэн амьтдад тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг хийсээр ирлээ. Гэвч энэ үйл ажиллагаа маань цөөн хэдэн амьтад дээр л явагдаж байгаа болохоос асуудлыг уг үндсээр нь шийдэж чадахгүй байгаа. Тиймээс тэдэнд зориулсан хууль хэрэгтэй юм байна гэж үзээд энэхүү хуулийн санаачлагыг анх гаргасан. Ингээд 2020 оноос хойш дэмжигч иргэдийн гарын үсгийг цуглуулж, төрийн эрх баригчдын төлөөллөөс дэмжлэг хүссэнээр өнөөдөр бид УИХ-д хуулийн төслөө өргөн барьж байна. Иргэд энэ төслийн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг байна. Жишээлбэл, 1920-иод оноос эхлээд бид нохой буудсаар ирсэн ба өнөөдөр 100 жилийн турш энэ аргаа хэрэглээд ямар ч үр дүнд хүрээгүй л байна. Гэтэл зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд жил бүр 2 тэрбум төгрөгийг нохой муурны устгалд зарцуулж байна. Мөн эзэнгүй амьтад болон үхсэн амьтдын сэг зэмээс үүдэлтэй 300 гаруй өвчин тахал байдаг. Энэхүү хуулин дахь заалтуудадаас дурьдвал 18 нас хүрч байж л гэрийн тэжээвэр амьтантай болох эрхтэй ба бүртгэлд хамрагдах шаардлагатай. Түүнчлэн гадаа гудамжинд ялгадсыг нь үлдээхгүй байх, орцонд болон гэр орондоо чангаар хуцаж бусдыг үймүүлэхгүй байх, үржлийг нь хаалгах мэс ажилбар заавал хийлгэх гэх мэт энэ бүхэнд эзэд өөрсдийн амьтнаа сургаж хүмүүжүүлэх, хариуцлагатай хандах хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ хууль бол амьтдад ээлтэй байгаад зогсохгүй хүний нийгэмд ач тустай байх болно."



Азтай савар ТББ-ын тэргүүн Зориглон: "Амьтад ямар үед эрх нь хангагдах вэ гэхээр эзэд нь хариуцлагатай байж хангагдана. Тэгэхээр амьтдын эрхийг хамгаалах гэхээсээ илүү эздийг хариуцлагажуулах хууль юм. Ингэж байж л хүүхдүүд маань нохойд хазуулахгүй, иргэд маань аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн эзэнгүй нохой, муургүй болсноор түүний устгалд зардаг төсвийн олон тэрбум төгрөг хэмнэгдэх юм. Түүнчлэн устгагдсан нохой муурны сэг зэмээс үүдэлтэй хөрс, агаарын бохирдолгүй болно гэх мэт олон давуу талтай. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 1-рт нүхэн жорлон, 2-рт нохой муурны сэг зэм байна гэсэн анхааруулах бичгийг ДЭНБ-ээс манай ЭМЯ-нд хүргэгдсэн байна."


Азтай савар ТББ-ын олон нийтийн ажилтан Оюун-Эрдэнэ: "Иргэдийн дунд өнгөцхөн хараад дүгнэж байгаа шүүмж их байгаа. Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлуудаас гадна эдийн засгийн асар их асуудал байхад юун амьтны эрх вэ гэхчилэн ярьцгааж байна. Гэтэл энэ хууль маань зөвхөн амьтныг хамгаалах, амьтны эрх чөлөөг дээдлэх тухай асуудал биш харин нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх зорилготой цогц хууль юм. Жил бүр 3000-4000 хүн нохойд хазуулж бэртдэг ба тэдний дийлэнх нь бага насны хүүхдүүд. Тэдгээр хүн рүү халдсан нохдын дийлэнх буюу 90% нь эзэнтэй нохой байдаг. Тиймээс эздийг нь илүү хариуцлагажуулснаар энэ олон хүнийг бэртэхээс сэргийлэх боломжтой юм. Мөн эздийн хариуцлага сул байгаагаас болж гэрийн тэжээвэр амьтад нь шимэгч хорхой болон халдварт өвчний тээгч болдог."


Дуучин Маралжингоо: "Иргэд, залуучууд өөрсдөө оролцож, өөрсдөө судалж, бичиж, өөрсдөө санаачилж байгаагаараа энэ хууль нь маш онцлог бөгөөд түүхэн үйл явдал болж байна. Амьтдад хайртай, амьтдад санаа тавьдаг иргэд болон амьтдыг анхаарч үздэггүй хэний ч бай бүгдийнх нь эрх ашгийг хамгаалсан гайхалтай хууль болжээ. Амьтдыг дөвийлгөөд хүнийг хаячихаж байгаа юм шигээр хараад байгаа нь үнэхээр өнгөц бодол. Энэ хууль байсан байгаагүй одоо байгаа зүйл явдгаараа явна, энэ хууль орж ирлээ гээд бидний эрх зөрчигдчихгүй. Мөн төслийн мөнгийг дэмий зүйлд зарцуулах гэж байна гэж бодож байгаа бол уучлаарай, жил бүр нохой муурны устгалд зарцуулагддаг хэдэн тэрбум мөнгийг харин ч хэмнээд бусад салбаруудад эргээд хөрөнгө оруулах боломж нээгдэж байгаа. Өөрөөр хэлбэл төсвөөс татах биш илүү ач холбогдолтой зүйлд зарцуулахад нь нэмэр болж байгаа юм. Шүүмжилж байгаа хүмүүс сайн судалж үзээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байна."


Энэ хуулийг хуульчдаас бүрдсэн баг болон амьтан тэжээгч сонирхогч маш олон хүмүүсийн оролцоотой судалгаатайгаар боловруулсан. Хуультай холбогдуулан иргэдийн санаа бодол нээлттэй хэлэлцэгдэх, олноор нь оролцуулах уриалга гаргаж байнгын идэвхтэй хөтөлбөрүүдийг зохион байгуулж ирсний үндсэн дээр нарийн судалгаатай, сайтар бодож боловсруулагдсан төсөл болсон юм. Энэ төсөл батлагдаад хэрэгжээд эхэлбэл нийгэм маань илүү сайн сайхан, гэрэл гэгээтэй болно гэдэгт итгэлтэй байна.


"Аливаа улс үндэстний агуу байдал, ёс суртахууны хөгжил дэвшил нь тэдний амьтдад хэрхэн хандаж байгаагаар тодорхойлогдоно."

~ Махатма Ганди

Comentários


bottom of page