top of page

Өвөл юу идэх хэрэгтэй вэ?

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Jan 28, 2022

Хүйтэн сэрүүний улиралд бид аль болох халуун бүлээн, тэжээллэг, илчлэг хоол хүнс идэж хэрэглэх хэрэгтэй байдаг. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай хэдий ч 21-р зуунд аливаа бүхэн олдоцтой болж жилийн аль ч улиралд цэвэр ургамалд суурилсан хоол хүнс хэрэглэх бүрэн боломжтой болсон ба цэвэр цагаан, ногоон хоолоор олон жилийн өвлийг өнөтэй даван туулж байгаа Монголчуудын тоо нэмэгдсээр байгаа билээ.



Хүйтэн сэрүүний улиралд хүний бие хийдэж сэрүүдэх хандлагатай байдаг учраас энэ үеэр хоол хүнсээ зөв тохируулахаас гадна хувцсаа ч бас зөв тохируулж байх хэрэгтэй. Бие сэрүүдэх, хийдэх хандлага нь хоолоо зөв тохируулж чадаагүй веган хоолтнуудад төдийгүй дийлэнх Монголчуудын хувьд түгээмэл байдаг нь хоол хүнс болон хувцсаа зөв тохируулаагүйгээс үүдэлтэй. Энэ цаг улирлаар бид биеийнхээ аливаа хэсгүүдээр салхи жавар орохоос сэргийлэн сайтар дулаалах, малгай өмсөж толгойгоо битүүлэхээс гадна чихэндээ бас салхи оруулахаас хамгаална, мөн бүсэлхийгээрээ бүс зүүж өгснөөр бөөр нурууг жиндүүлэхгүй бас өвчлөхөөс нь хамгаалж байдаг. Харин хоолны хувьд жимс, ундаа, зайрмаг зэрэг хүйтэн чанарын хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Зарим төрлийн хүнсний ногоо ч бас хүйтэн чанартай байдаг хэдий ч халуун хоол цай хийхдээ хэрэглэж болно. Хар, хүрэн буюу бараан өнгийн шош, сэвэг зарам нь халуун чанартай тул хүйтэн сэрүүний цагаар хэрэглэхэд маш тохиромжтой байдаг өндөр уураг, тэжээлийн агууламжтай хүнс юм. Гэхдээ тогтмол хэрэглэхээр бол хажуугаар нь хий дардаг хүнс идэж байх хэрэгтэй. Халгай, цагаан гаа, гүнжидийн тос зэргийг тохируулан хэрэглэвэл биеийн хийг гадагшлуулах ач тустай байдаг. Гүнжидийн тосыг мөн бөөр нуруу, хэвлийнийхээ хэсгээр түрхээд иллэг хийж өгвөл хийг гадагшлуулах нөлөөтэй. Ялангуяа эмэгтэйчүүд бөөр саваараа жиндэхээс аль болох өөрийгөө хамгаалж мөн хөлөөрөө сайн дулаан байх хэрэгтэй. Хэрэв доороосоо даарснаас болж ойр ойрхон бие засах гээд байвал шилэн дотор халуун ус хийж даавуугаар ороогоод хэвлийнийхээ доод хэсгийг жигнэж сайн дулаацуулна, мөн халуун ууранд суух нь үр дүнтэй. Дээрээс нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, супер хүнсний нэгт тооцогддог спирулина буюу далайн замгийг хэрэглэх нь биеийн үрэвслийг намдааж өгдөг.

Kommentare


bottom of page