top of page

Б. Буджаргал: Монголдоо морь уядаг шигээ дэлхийд хүн уяцгаая!

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Sep 5, 2022


Дэлхийн хамгийн холын зайн 5000 км-ийн гүйлтийн тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотноо 9 сарын 4-нөөс 10 сарын 25 хүртэл 52 өдөр үргэлжлэх бөгөөд уг тэмцээнд Б. Буджаргал Монгол Улсаа төлөөлж оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд 12 удаа тэргүүлж, хэт холын гүйлтын рекордыг удаа дараа эвдсэн тэрээр дэлхийн дээд амжилтыг дахин тогтоох боломжтой гэдэгтээ итгэлтэй байгаа юм.


Түүний хувьд веган хоол иддэг тэр дундаа түүхий веган хоолыг өөрийн биед хамгийн зохимжтой хэмээн сонгосон мөн оюун санааны бясалгал үйлийг дадуулахаас гадна гүйлтийг бясалгал болгох техникийг эзэмшсэнээрээ бусад тамирчдаас ялгардаг. Ингэснээр бие махбодын төдийгүй сэтгэл санааны бялдрыг нэмэгдүүлдэг нь түүний амжилтын гол түлхүүр болдог хэмээн хүүрнэдэг юм.


Эх орны говь нутагт төрсөн Б. Буджаргал нь олон өдрийн турш зохиогдох дэлхийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцоход хамгийн чадавхтай тамирчин мөн бөгөөд ирээдүйд ч мөн эх орныхоо нэрийг түүний адил дуурсгах эрмэг тамирчид төрөн гарсаар байна гэдэгт итгэж байна.

Харин дэлхийн тавцанд өөрийгөө сойж буй тамирчдад хамгийн их тулгардаг асуудал нь санхүүгийн дэмжлэг байдаг. Гүйлтийн тамирчдад л гэхэд, ялангуяа хэт холын зайн гүйлтийн тэмцээнд урагдаж цоорохооргүй сайн чанарын гутал, хувцас өмсгөл, бэлтгэлийн турш болон гүйлтийн турш хэрэглэх хоол хүнс гээд багагүй хэмжээний зардал шаардагдана. Тиймээс "Монголчууд наадамд морь, бөх их уяцгаах юм, Дэлхийд хүн уях сонирхолтой хүн байна уу? Би уяачтай болмоор байна" хэмээн Б. Буджаргал олон нийтийн сүлжээ хуудсуудаараа зарлаад байгаа юм.


Монголдоо морь уядаг шигээ дэлхийд хүн уяцгаая гэдэг нь нээрээ л ач холбогдол ихтэй, учир зүйтэй уриалга төдийгүй тун сайхан санаа. Үндэсний өв соёл болсон морь, бөх уяхыг үгүйсгэж буруутгаж байгаа хэрэг биш харин зөвхөн Монголын хэмжээнд гэлтгүй дэлхийн хэмжээнд хүн уях санааг дэвшүүлсэн нь гайхалтай сайн болжээ.


Мөн Америк улсад 52 хоногийн турш үргэлжлэх энэхүү тэмцээнд байгууллага, компани, үйлдвэрлэгчид Буджаргалтай хамтран ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах сайхан боломж бий гэдгийг дуулгахад таатай байна.


Зөвхөн өөрийн дуртай зүйлээ хийх гээд ажил амьжиргаагаа хойш нь тавиад байгаа хэрэг бус, өөрөө өөрийгөө ялан дийлэх хүч, тэсвэр тэвчээрийн үлгэр дуурайллыг бусдад үзүүлэхээс гадна эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэх гэсэн түүний энэхүү дотоодын хүсэл зорилгоо биелүүлэхэд нь бид бүгдийн сэтгэл санааны дэмжлэг маш чухал байх болно.


Сэтгэл санааны дэмжлэг хүлээн авах хаяг:

Холбогдох утас: ​+1 847-989-6366


Санхүүгийн дэмжлэг, хандив хүлээн авах данс:

- Хаан банк: 5027402524 (Буджаргал)

Comments


bottom of page