top of page

"Ахимса ба Байгаль орчин" цахим уулзалт боллоо

Writer's picture: MongoLoVeganMongoLoVegan

Updated: Oct 5, 2023

Шотландын Гласгоу хотноо энэ жил болсон НҮБ-ийн Уур Амьсгалын Конференцтэй (COP26) зэрэгцэн Их Британий Гөү Дармик (Go Dharmic) ашгийн бус байгууллагаас 2021 оны 10-р сарын 31-нд "Ахимса ба Байгаль Орчин" уулзалтыг онлайнаар зохион байгуулсан нь хүчирхийллээс зайлсхийхийн уур амьсгал дахь нөлөөг онцоллоо.


"Гөү Дармик"-ийн тэргүүн Дануман Дассын урилгаар нийгмийн янз бүрийн төлөөллөөс онцгой илтгэгчид оролцсоны дотор COP26-ын ерөнхийлөгч, Их Британийн Парламентын цагаан хоолтон эрхэм гишүүн хүндэт Алок Шарма, Гэрэлт Дэлхийн Нигүүлсэл шагналын эзэн, Энэтхэгийн Парламентын веган хоолтон эрхэм гишүүн Манека Ганди, "Уур Амьсгалыг Анагаагч"-ийн үүсгэн байгуулагч Гэрэлт Дэлхийн Эх Дэлхийн Хамгаалагч шагналт Др. Сайлеш Рао мөн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай байлаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр тавигдсан илтгэлүүдээс хамгийн их сонирхол татсан нэг илтгэлийг бид онцлон хүргэж байна:


Др. Сайлеш Рао, Дануман Дасс тэргүүн нарт болон бүхий л эрхэм зохион байгуулагчид, сайн дурынхан та бүхэн дэлхийд ач тусаа өгөх энэхүү онцгой үйл ажиллагаандаа урьсанд тань талархан хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна. Энэ мэт эрхэм чухаг үйл хэргийг улам олноор зохион байгуулж, манай дэлхийд яг одоо болж буй үлэмж их сүйрлийн тухай болон энэ бүхнээс хэрхэн зайлсхийж болохыг хүмүүст ойлгуулан сэхээрүүлэх үнэнхүү шаардлагатай байна. Тийм ээ, бидний нэгдмэл зорилго бол цэвэр ариун. Бид дэлхий дээрх энэ бүх ямар ч хэрэггүй зовлон шаналал, хүчирхийллийг эцэс болгон Дэлхий дээр Диваажинг дахин цогцлоохыг хүсэж байна. Ялангуяа яг одоо, хаа сайгүй, энэ бүх гамшигт үзэгдлүүд болсоор байхад бид гараг дэлхийн ноцтой байдлыг ухамсарлах цаг болсон. Яагаад гэвэл бид өөрсдийнхөө энэрэнгүй бус үйлдлийн үр дүнд урьд өмнө үзэж туулаагүй бидний мөхөл сэхэлд заналхийлж буй үйл явдлыг туулж байна. Урьд өмнө нүүрлэж байгаагүй үер, ган гачиг, хуй салхи, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, түймэр, ширгэж буй нуур, гол, горхи, живж буй арлууд, өлсгөлөн, улам хурдан нэмэгдэж буй дулаарал, гараг даяар хуйрнан эрчлэх элдэв өвчин, үхлийн энерги дэлхий даяар нүргэлж байна. Гэтэл бид төдийлөн арга хэмжээ авахгүй л байна, тийм биз?


Бид засгийн газруудын эрх бүхий удирдагчдыг дэлхийгээ аврахын тулд асар чухал ямар нэг зүйл хийхийг итгэл тавин хүлээсээр байна. Харамсалтай төдийлөн дорвитой хийсэн зүйлгүй л яриад, яриад л байна - хоосон л ярьсаар, хийсэн нь гавихгүй, хийлээ гэхэд дэлхий дахиныг бүхэлд нь нөмрөөд байгаа энэ бүх хөнөөлт гамшгуудыг зогсооход дэндүү багадах өчүүхэн алхмууд л хийж байна. Бид байгаль хүч хэрэглэж буйг нь буруутгах аргагүй. Учир нь бидний өөрсдийн харгис байдал, санаанд огт багтамгүй болж, хүний байр сууринаас тайлбарлах, ойлгох аргагүй хэмжээнээс хэтэрчихээд байна шүү дээ. Бид өөрсдийн хайхрамжгүй, энэрэнгүй бус амьдралын хэв маягаараа дэлхий дээрх амьд бүхний эсрэг, хөдөлдөг хөдөлдөггүй бүх зүйл, тэр ч бүү хэл өөрсдийнхөө эсрэг хүчирхийлэл үйлдэж байна. Бид өмгөөлөл хамгаалалгүй, гэм зэмгүй амьтад болон хүмүүс, тэр бүү хэл төрөхөөс нь өмнө үр хүүхдүүддээ харгис хандаж байна. Тэд дэлхийгээ ганц харах боломж ч олгохгүйгээр бид алж хөнөөж байна. Тэр үрс сул дорой, хэнд ч хоргүй, өөрсдийгөө хамгаалах аргагүй, асар цэвэр ариун, огт гэм зэмгүй, яг л сахиусан тэнгэр лугаа адил. Бид тэднийг ямар ч гэмших сэтгэлгүй, бүр хуульчилж байгаад алж байна. Тэр хууль нь амь хөнөөх үйлийг хамгаалдаг. Төрж амжаагүй энэ үрс, энэ сахиусан тэнгэрүүд, дэлхийн ирээдүйн иргэд, одоо бидний эргэн тойронд болоод байгаа энэ бүх үймээн самуунд огтоос буруугүй шүү дээ.



Урьд өмнө тохиолдож байгаагүй эдгээр асар хүчтэй, хөнөөл гамшигт явдлууд бол бидний өөрсдийн мунхаглал, холын хараагүй сонголтоос үүдсэн амьдралын харгис хэрцгий хэвшлийн л үр дагавар юм. Амьдралынхаа өдөр бүр, минут, секунд бүр бид өөрсдийн гарагаа сүйтгэж байна. Бид өөрсдийн тогтоосон хууль дүрмийг ч дагаж мөрддөггүй. Нэг талаар амьтан хамгаалах хууль гэж батлаад, амьтныг ямар нэг байдлаар хохироосон, зовоосон, хүчирхийлсэн хэнийг ч болов шийтгэж эсвэл хорино гэдэг. Гэтэл нөгөө талаар нядалгааны газруудад өмөөрөх хүнгүй мал амьтдыг үй олноор нь зэрэмдэглэн тамлаж, хүчирхийлэн хөнөөхийг зөвтгөж байдаг. Тэдгээр сэгнүүдийг нь өөрсдийн гараар амандаа чихэхийн төлөө. Өнөөх шийтгэх тухай шударга хуулийг ярьсан амандаа, амьтан хамгаалах хуульд гарын үсэг зурсан гараараа шүү дээ. Тэр хөөрхий гэмгүй амьтад амьдралынхаа өдөр бүрийг ямар аймшигтай зовж өнгөрөөдгийг мэдэхгүй гэж үү? Зүрх чинь хүрвэл хууль тогтоогч та нар амьтны аж ахуй дээр очоод хараарай. Тэнд яг чухам юу ямар байдгийг мэдэх болно. Та нарын батлахжуу аядсан тэр хуулийн чинь эсрэг зүйл тэнд болж байгаа. Энэ бол хүний оюун ухаан ойлгох чадвараар туйлын их тохуурхаж буй хэрэг. Хэрэв амьтдыг үй олноор нь алж хөнөөхийг дэмжихээ зогсоохгүй л юм бол бид хууль зөрчиж байгаа, цаашид ч хууль зөрчсөөр байх болно гэсэн үг. Энэ туйлын тэнэг, хоёр нүүрлэсэн гэмт хэргийг тайлбарлах нь бүү хэл дооглож инээх хүн олдохгүй. Магадгүй нэгэн өдөр та нар өөрсдийгөө шүүхийн өмнө авчирч, амь хөнөөсөн хэргээр хууль зөрчсөн гэж үзэн дэлхий дээрх бусад гэмт хэрэгтний адил хоригдох байх.


Манай нийгэмд одоо өрнөж байгаа үймээнд байдал тэр аяараа бид гэм зэмгүй, эмзэг дорой амьтдад харгис дарангуй хандсанаас үүдэн гарсан гэдэг нь илт тодорхой байна. Энэ биднийг эцэс төгсгөлгүй дайн тулааны тойрогт оруулсан. Бид байгальтай, амьтадтай, өөрсдийн хөрш хүмүүстэй ч дайтсаар байна. Дайн бидэнд хэзээ ч хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг авчрахгүйг бүгд мэднэ. Ялалт гээд байгаа нь ямагт олон гэм зэмгүй амь нас, асар их эдийн засгийн хохирлын төлөөсөөр л ирдэг зүйл. Тэгэхээр үүнийг бид яаж ялалт гэж нэрлэж болох юм бэ? Дайн бол энх тайвны эрс эсрэг зүйл. Одоо эцэст нь бид сэрж сэхээрэн, яг эсрэг чиглэлд эргэн дэлхийгээ, өөрсдийгөө ч хамгаалах замыг сонгох эсэх нь зөвхөн биднээс шалтгаалах цаг болоод байна. Бид хөнөөлт бүх үйлийг зогсоож, сайн үйл бүхнийг улам ихээр хийж, бусад, өөрсдөдөө, гарагтаа туслах хэрэгтэй байна. Тэгэж байж гэмээ нь бид жинхэнэ энх тайвныг үргэлжид тогтооно. Энэ нь бидэнд амин чухал хэрэгтэй байгаа цэвэр ариун, шинэ эриний эхлэл болно. Ахимса буюу хүчирхийлэлгүй арга зам нь хамаг амьтан, хэн бүхэн энх тайван, аюулгүй, хүнлэг оршин байх амьдралын зарчмыг хэлдэг. Манай гариг өөрөө мөн адил агуу, ачлалтай, өгөөмөр, энэрэлтэй, хамгаалагч оршихуй юм. Гэвч эдүгээ дэлхий дээрх байгаль тэр чигтээ бидний хор хөнөөлт үйлдэлд сөрөг хариу үйлдэл нэн ихээр үзүүлж буй нь гариг дэлхийг бидний эсрэг эргэхэд хүргэж байна.


Долоо хоног бүр олон тэрбум амьтны мах бэлтгэлд нядлуулдаг. Тэднийг бас сүү болон өндөг бэлтгэх зорилгоор аймшигтайгаар дарлан зовоож байна. Жинхэнэ уг чанар нь хайр, нинжин сэтгэл, асрахуй байх ёстой хүнээс гарамгүй, ухаан санаанд багтамгүй зүйлийг бид хийж байна. Ийнхүү балмад амьдралыг сонгосноороо бид хамгийн чухал зүйлс болох ой, далай тэнгис, хөрс шороогоо, өлсгөлөн сая сая хүний хүнсийг, гэмгүй хөөрхөн амьтдыг уур амьсгалын тогтвортой байдлаа, адаг сүүлдээ өөрсдийг эрхэм ариун чанараа, Бурхан-чанараа зольж байна! Амьтны фермд тэр чигтээ дарлал, яргалал, аллага, туйлын их тарчлал шаналлын тэр бүх зовлонт энерги дүүрсэн байдаг. Бид ч бас үүн дотор амьдарч байна. Тэгэхээр мэдээж тэдгээр үхсэн амьтдыг идэхээр огтоос зохисгүй, ёс бусын, нүгэлтэй гэдгийг сүнс маань мэдээд зогсохгүй бие маань ч хүлээж авахыг эсэргүүцэх болно. Тэгээд л бүх өвчин үүсдэг. Харин одоо ийм энергитэй зүйлийг дэлхий даяараа өдөр бүр үй олон хүн идэж байна гээд бод доо. Тэгээд бүгдээрээ манай дэлхий яагаад ингэж дордож, яагаад ийм их зовлон нүүрлээд байна вэ гэж гайхсаар л байна уу?? Бүгдээрээ гараг дэлхийгээ түргэн аврагдаасай, удирдагчид маань болон дэлхийн иргэд ч бас байгалийн анхааруулгыг ойлгох болтугай гэж залбирцгаая. Учир нь байгаль бидний өөрсдийн тусгал юм.


Энх тайван, өршөөл уучлал, ачлал энэрлийн уриалгыг хүн бүрийн зүрх сэтгэлд хүргэж, сэтгэлээ нээн зөв сонголт хийж цор ганц орон гэр Эх Дэлхийгээ сэргээн тогтнуулахад Бурхан бидэнд туслах болтугай. Биднийг шинээр, дэлхий дээрх амьдралыг хамгаалагч ёсоор аж төрж эхлэх ахуйд Бурхан өршөөнгүй хэвээр байж бид бүхнийг адислах болтугай. Бүхий л төрөлтөн Диваажин лугаа адил дэлхий дээр амар амгалан, эв зохиролтой оршиг. Сүр жавхлант хайр энэрэл, эв зохиролд даяараа зэрэгцэн оршицгооё. Энэ дэлхийд зэрэгцэн оршигч иргэд, эрхэм хайрт та бүхэндээ анхаарал хандуулсанд тань баярлалаа. Бурхан бидэнд боломж олгосоор байж, хүн бүр Ахимсад шилжиж энэрэнгүй дэлхийг эргэн цогцлоох болтугай хэмээн залбирцгаая. Ерөөл биелэх болтугай!


~ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

1 Comment


Solongo Od
Solongo Od
Nov 10, 2021

Үнэхээр чухал, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжүүд өгчээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдсан сургаал, үйлс, манлайлал, нөхцөл болзолгүй Хайр хүн төрөлхтнийг үүрдийн амар амгалан руу, төрөлтөн бүр эв найртай аз жаргалтай орших веган дэлхий рүү хөтлөх болно. Сүүлийн энэ энэрэлт боломжийг алдалгүй веган хоолтон болцгооё

Like
bottom of page